80 настай франц иргэн Mijo: Би байшингаа зараад эргэж ирээд буган чулуун хөшөөг аврахад зарцуулна
Та яагаад монголд жил бүр ирээд байдаг юм бэ. Өөр олон сайхан улсаас монгол юугаараа өөр юм бэ?
-Монгол бол миний хамгийн дуртай орон. Би олон улсад очиж, олон сайхан зүйлс үзсэн. Гэхдээ, би хэд хоногийн өмнө Эсээд/хөтөч/хэлж байсан юм. Би монголоос амар амгаланг олсон гэж. Үнэхээр их амар амгаланг. Байгаль нь үнэхээр гайхамшигтай. Үнэхээр сайхан.
[su_quote]Анх удаа би өөрөөсөө асуусан: Яагаад би Монголд дуртай вэ, Яагаад би Монголд ирдэг вэ, Яагаад би энд ийм тайван байдаг вэ гэж... Би энд салхины чимээг сонсох боломжтой. Тэгээд би ойлгосон. Миний бага нас ойр орчимд нь байшин, барилгагүй их том ферм дээр өнгөрсөн. Тэр миний хамгийн сайхан дурсамжуудын нэг байжээ. Монголд ирээд гэнэт л бага насаа санасан. Тэр үе бол миний амьдралын хамгийн аз жаргалтай цаг үе байж дээ гэж гэнэт ойлгосон. Монголд дахин ирэхэд, би тэр мэдрэмжийг дахин авдаг. Тиймээс та бүхэн энэ үзэсгэлэнтэй сайхан орноо хайрлаж, хамгаалаасай гэж хүсэж байна.[/su_quote]

Та монголд ирэхдээ Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын сургуульд маш их хөрөнгө оруулалт хийсэн юм байна. Яагаад?
-Амьдралдаа би олон улс орноор явж байсан, үнэхээр ядуу улс орнууд ч бий. Янз бүрийн зүйл тохиолдож, би их шархалж, өрөвдөж байсан. Гэхдээ Улаанбаатарт анх ирсэн жилээ би маш их гунигласан. Гэр бүлүүд, ганц бие эхчүүд, хүүхдүүдийн зовж байгааг хараад. Миний хувьд энэ бол хамгийн хэцүү туршлага байсан. Би зарим өрх толгойлсон ээжүүдэд гэр авч өгсөн. Би хамгийн их тусалмаар байсан хүмүүс бол ганц бие эхчүүд, хүүхдүүд. Энэ л миний жинхэнэ зорилго байсан.
[su_quote]Тэгээд 2010 онд, би Эсээ/хөтөч/-тэй хамт хөдөө орон нутгаар явж, олон эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй уулзсан. Миний сэтгэл хэтэрхий хөдлөөд, би уйлж ч чадахгүй байсан… Эдгээр ганц бие эх, хүүхдүүдийн зовж байгааг харахад үнэхээр хэцүү байсан. Тэд бас нөхөртэйгээ холбоотой маш олон асуудалтай байсан. Нөхрүүд нь уурхай руу явж, олсон мөнгөө архинд үрээд… Би удаан байж чадаагүй.[/su_quote]
Тэгээд бид буцах замдаа тэр надад нэг сургууль үзүүлсэн, Бүрэнтогтох суманд. Тэнд багшаас өөр бараг юу ч байгаагүй. Сургуулийн дээвэр муу, цонх нь хуучирсан. Би юм худалдаж авч чадаагүй. Учир нь тэнд авах зүйл бараг байгаагүй. Тиймээс би дээвэр засаарай, цахилгаан, цонхоо засаарай гээд халаасандаа байсан бүх мөнгөө өгсөн/6000usd/. Багш нь хүүхдүүдийнхээ төлөө ханаа будаж байсан. Энэ нь 2011 оны 8-р сарын 31-нд. Маргааш нь хичээлийн шинэ жил эхэлсэн. Тэгээд би тэдэнд амлалт өгсөн "жил бүр 9-р сарын 1-нд хичээлийн нээлтэд ирнэ" гэж. Би чадах хэмжээндээ тусална гэж амласан.
Ингээд бид 24 ширхэг компьютер авч өгсөн. Бид ангиудын хэрэгцээнд 16 орчим том дэлгэц авсан. Түүнээс хойш 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад ирсэн. 2020, 2021 онд ирж чадаагүй. 2022, 2023, 2024 онд дахин ирсэн. Тэгээд энэ жил 2025.

Бүрэнтогтох сумын сургуулийнхан мэдээж, намайг танина. Тэд намайг ирэхийг мэддэг, хүлээдэг. Би номын санд ном авах мөнгө авч ирдэг эсвэл захиралд зориулж том камер авчирдаг. Заримдаа принтер, хэвлэх төхөөрөмж зэрэг сургуулийн хэрэгцээт зүйлсийг авчирдаг. Бид бас хувцас авчирдаг. Сүүлийн хоёр жилд, би Францын том цанын баазын брэнд Куршевель (Courchevel)-ээс шинэ хувцас авчирсан. Тэнд намайг 1981, 1982 онд цанаар гулгаж сургаж байсан юм. Одоо бол би хөгширсөн болохоор цанаар гулгаж чадахгүй, гэхдээ бид холбоотой хэвээр. Тэд жил бүр долоо, наймдугаар сард шинэ анорак (өвлийн хүрэм) цуглуулаад, надад өгдөг. Би тэрийг нь Бүрэнтогтох сумын хүүхдүүдэд авчирдаг. Энэ жил үнэхээр сайн чанартай хувцас ирсэнд бид баярласан. Сургуулийн захирал хүртэл маш их баярласан.
[su_quote]Би өгсөн хандиваа тооцоолж үзээгүй. Жил бүр бид ямар нэг зүйл авчирдаг. Гэхдээ анхных нь 6,000 ам.доллар байсан. Жилд дунджаар 5,000 ам.доллар зарцуулдаг. Миний туйлын мөрөөдөл бол хүүхдүүдийн төлөө Буган чулуун хөшөөг хамгаалах, болон сургуулийн дэргэд музей байгуулах юм.[/su_quote]
Та өөрөө багш мэргэжилтэй гэсэн. Хаана хаана багшилж байсан бэ?
-Би Шотланд, Сингапур, Хонг-Конг зэрэг улсуудад багшилж байсан. Мөн Хятад соёлын аялал жуулчлал зохион байгуулдаг байв. Хонг-Конгийн их сургуульд ч ажиллаж байсан. Би мөн түүх их уншсан. Торгоны замтай холбоотой аялал ч хийж байлаа. Би юу зааж байгаагаа мэддэг. Би өөр олон зүйл хийсэн. Хийж байгаа бүхэндээ л би дуртай байдаг.
Таныхаар хөгжил гэж юу юм бэ?
-Би одоо 80 настай, хөгшин хүн. Би улс орнуудаар явж, хүмүүстэй уулзах дуртай. Би хотод дуртай. Бас ганган хувцаслах дуртай. Гэхдээ би амар амгалан байж дэлхий ертөнцийг гайхан бишрэхийг хүсдэг. Хүмүүсийн тухай, тэд юу хийдэг тухай...
Би гэрлээд, нөхрөө дагаж явсан. Англи, Франц хэтэрхий жижиг байсан. Би дэлхийн хүмүүстэй уулзахыг хүссэн. Миний улс хэтэрхий жижигхэн санагдсан учраас би дэлхийгээр явж хүмүүстэй уулзахыг хүссэн.
Би өөр хоорондоо уулзаж, хуваалцаж, соёлоо солилцож байхдаа хөгжиж, харин өөр өөрийн улсдаа байхдаа жижигхэн байдаг.
Та яагаад монголын нэг жижиг тосгонд байгаа буган чулуун хөшөөнүүдэд санаа зовоод байгаа юм бэ?
-Энэ чиний соёл. Та нарын соёл шүү дээ. Энэ бол Чингис хаан... Би яагаад Чингис хааныг биширдэг гээч?
Тэр анхны үндсэн хуулийг бүтээсэн. Чингис хаан гэх тэр хүнээс Европчууд эмээдэг ч тэр морьтойгоо бүхнийг эргүүлэн авчирсан.
[su_quote]Танай түүхэнд, еврей, ислам, христийн бүх шашныг хүлээн зөшөөрдөг байсан. Энэ бол үнэхээр гайхалтай. Нэг нэгнээ хүлээн зөшөөрч, уучилдаг байсан. Тэр анхны үндсэн хуулинд хүн бүр бусдынхаа шашин, соёлыг хүлээн зөшөөрдөг байсан. [/su_quote]
Буган чулуун хөшөө өмнөхөөсөө хэр өөрчлөгдсөн байсан бэ?
-Маш яаралтай хамгаалах хэрэгтэй. Би маш яаралтай байшингаа зараад мөнгөтэй болохоороо эргэн ирж буган чулуун хөшөөг аварч, хамгаалахад зарцуулна.
Энэ бол танай соёл, та нарын түүх. Энэ бол чамд, танай хүүхдүүдэд, ач зээ нарт чинь хамаатай соёл. Энэ бол мартаж болохгүй соёлын өв. Бид францад ч гэсэн ийм өвийг хамгаалдаг.
Бид буган чулуун хөшөөний заримыг нь авч битүү орчинд хамгаалж, хадгалах шаардлагатай талаар ярилцсан. Тэгэхгүй бол буган чулуун хөшөөг хүмүүс хулгайлж, гадны жуулчдад зарах тохиолдол ч гарч байна.
Тиймээс би маш яаралтайгаар сүүлийн гэрээ зараад, хүүхдүүдийг соёлын өвөө хамгаалахад туслах болно. Миний гэр жаахан хуучин байж магад. Гэхдээ зүгээр. Энэ бол миний зорилгын төгсгөл байх болно.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.