Монгол төрийн мэргэн өвөө гэж хүндлэгдсэн Ж.Самбуугийн ойг өнөөдөр тэмдэглэж байна
Монгол төрийн мэргэн өвөө гэж хүндлэгдсэн Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байна. Тэрээр, Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутагт 1895 оны 6 дугаар сарын 27-нд мэндэлжээ.
Ж.Самбуу монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэхдээ Монгол төрийн хар хүний жудаг, эрхэм чанар, төрийн үйл хэрэгт ёс зүйн ямар хэм хэмжээтэйгээр энэ албыг хаших вэ гэдэгт маш том үлгэрлэл бий болгосон бөгөөд дэлхий дахинаа монгол хүний хүн чанарыг таниулцсан гэж үздэг юм.
Тэрээр 1903 онд нутгийн сайн бичээч Дугарсүрэн гэж хүнд шавь орж гэрээр бичиг үсэг сурч хошуу тамгын газар бичээч болж, 1950 онд Намын шинэ хүчний сургуульд суралцаж төгсжээ.
Жамсрангийн Самбуу нь:
- 1912 оноос Нийслэл хүрээний Түмтийн өртөөнд улаач,
- 1921 оноос Түшээт вангийн хошууны тамгын газар хавсраа бичээч,
- 1923 оноос Ардын Засгийн газрын Сангийн яаманд гутгаар зэргийн нягтлан бодогч,
- 1926 оноос тэргүүн зэргийн нягтлан бодогч түшмэл,
- 1928 онд эрхэлсэн түшмэл,
- 1930 оноос Богдхаан уулын (одоогийн Төв аймаг) аймгийн дарга,
- 1931 оноос Өмнөговь аймгийн дарга, 1932 оноос тус аймгийн шүүхийн даргаар ажиллаж байв.
- 1934-1937 онд Мал тариалангийн яаманд хэлтсийн дарга,
- 1937-1941 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д (хуучин нэрээр) суух Бүрэн эрхт төлөөлөгч,
- 1941-1946 онд Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, 1946-1950 онд онд Гадаад явдлын яамны Алс Дорнодын хэлтсийн дарга,
- 1950-1952 онд БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд,
- 1952-1953 онд Гадаад яамны орлогч сайд,
- 1953-1954 онд Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн орлогч даргаар ажиллажээ.
Тэрээр 1954-1960 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улсын Их Хурлын дарга, 1960-1972 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргаар удаа дараа сонгогдон ажиллахдаа түүний санаачилгаар улсын хөгжил дэвшилтэй холбоотой олон чухал шийдвэр гарсан байна. Үүнээс үзэхэд, Жамсрангийн Самбуу нь Монгол Улсын төрийн анхан, дунд, дээд шатны албыг 60 жилийн турш ээлж дараатай хашсан, эх орныхоо хөгжил дэвшил, гадаад харилцаанд бодитой хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн, дипломатч хүн юм. Жамсрангийн Самбуу 1935, 1937, 1943, 1945, 1958, 1961, 1965, 1971 онуудад “Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардад өгөх сануулга сургаал”, “Малчдад өгөх зөвлөгөө”, “Малчин ардын амьдрал ахуй, хэв заншлаас” зэрэг 12 бүтээл туурвисан нь манай эдийн засгийн уламжлалт салбар мал аж ахуй эрхлэгчдэд өдгөө ч үнэ цэнтэй гарын авлага хэвээр байна. Монголын Улсын төрийн тэргүүн байсан Жамсрангийн Самбуугийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж БНМАУ-ын хөдөлмөрийн баатар (1968) цол хүртээж, Сүхбаатарын одонгоор дөрвөн удаа, мөн зарим гадаад орны төрийн дээд шагналуудаар шагнасан бол түүний мэргэн ухаан, төрийн ажлын арга туршлага, ур чадварыг нь ард түмэн үнэлж “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн хүндэтгэн нэрлэдэг байжээ
[su_quote]Ж.Самбуу ЗХУ болон БНАСАУ-д томилогдон ажилласан анхны элчин сайд байсан бөгөөд 1937 онд ЗХУ-д суух бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ажиллаж байтал дайн эхэлжээ. Тухайн үед Зөвлөлтөөс буцаагүй цөөн хэдэн элчин сайдуудын нэг нь Самбуу гуай бөгөөд сүүлд Оросууд Самбуу гуайд маш хүндэтгэлтэй ханддаг байв. Дайны хүнд хэцүү цагт хаяж явалгүй албан үүргээ хашиж, Монголоос ирэх тусламжийн үйл ажиллагааг амжилттай зохиосон, нутаг оронд нь өөрсөдтөй нь хамт байсан эрхэм хүн хэмээн хүндэтгэж үздэг байжээ. [/su_quote]
Мөн 1958 онд Монголын элчин сайдын яам Моксвагийн төвд ашиглалтанд ороход Ж.Самбуугийн нэрээр газар олгосон, хожим төрийн их өргөөг ордон дотор барих үед өргөөний дотор талын хөшиг хийх болж олон улс орноос асуусан ч үнэ мөнгө нь дийлдэхгүй байсан гэдэг. Тэгэхэд Солонгосчууд Ж.Самбуу гуай манайд их сайхан хандаж, хүнд үед манай 200 хүүхдийг Төв аймгийн Алтанбулагт сурган хүмүүжүүлсэн, Монголоос 8 удаагийн тусламжийн цуваа ирүүлсэн гээд маш хямд үнээр уран сайхан хатгамал хийж явуулсан нь өдгөө Монгол төрийн хүндэтгэлийн өргөөнд бий.
Ийнхүү монгол төрийн хар хүний ёс жудаг, хүн чанар, мэргэн ухааныг өөрийн амьдрал, үйл хэргээрээ үлгэрлэсэн түүнийг "Монгол төрийн мэргэн өвөө" хэмээн хүндэтгэн дууддаг юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.