Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай танилцуулъя

Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай танилцуулъя

Япон Улсын Эзэн Хаант ёсны тухай

Японы домогт тус улсын анхны Эзэн Хаан Жинмү нь “Аматэрасү” нарны бурхны үр удам бөгөөд МЭӨ 660 онд Хааны сэнтийд заларч, Японы Эзэн Хааны угсаа 2600 гаруй жилийн хугацаанд тасралтгүй үргэлжилсэн хэмээгддэг.

Эзэн Хаан Жинмү анх сэнтийд заларсан буюу Япон Улс үүсгэн байгуулагдсаны 2685 жилийн ой 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тохиосон.

Түүхийн ихэнх мөчлөгт Японы Эзэн Хааны эрх мэдэл болон нөлөө хязгаарлагдмал, бэлгэ тэмдгийн шинж чанартай байсаар ирсэн хэдий ч Японы үе үеийн цэргийн засаглалын удирдагч (шогүн) нар Эзэн Хаанаа төрийн тэргүүнд тооцон дээдэлсээр иржээ.

Япончууд 1868 оны Мэйжигийн шинэчлэлээр тухайн үеийн цэргийн засаглалын эрх мэдлийг унагаан Эзэн Хаан төвтэй улс байгуулж, улмаар 1889 онд Үндсэн хуульт Хаант засаглалыг байгуулсан.

[su_quote]Япон Улсын 125 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Акихито 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр сайн дураараа сэнтийгээсээ бууж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Угсаа залгамжлагч Хунтайж Нарүхито Эзэн Хааны сэнтийд заларснаар Японд “Рэйва” буюу “Үзэсгэлэнт зохицол” он тоолол эхэлсэн.   [/su_quote]

1868 оноос хойшхи Япон Улсын Хаадын эрин, он тоолол

1868 – 1912 онд Мэйжи (Гэгээрэлт засаг)-гийн  Эзэн Хаан Мүцүхито 1912 – 1926 онд Тайшо (Их зөвшил)-гийн Эзэн Хаан Ёшихито 1926 – 1989 онд Шёова (Бодь зохицол)-гийн Эзэн Хаан Хирохито 1989 – 2019 онд Хэйсэй (Энх цогцлол)-гийн Эзэн Хаан Акихито

2019 оноос Рэйва (Үзэсгэлэнт зохицол)-гийн Эзэн Хаан Нарүхито

Эзэн Хааны эрх, үүргийн тухай

Японы Эзэн Хаан аливаа асуудлаар байр сууриа илэрхийлдэггүй, бэлгэдэл, ёслолын шинж чанартай үйл ажиллагаа явуулж буй.

Дэлхийн II дайны дараа 1946 онд шинээр батлагдсан Японы Үндсэн хуулийн “Эзэн Хаан” хэмээх 1 дүгээр бүлгийн 1 дүгээр зүйлд  “Эзэн Хаан нь Япон Улсын бэлгэ тэмдэг бөгөөд Японы ард түмний эв нэгдлийн бэлгэдэл юм” гэж заасан байдаг.

Японы Эзэн Хааны өдөр тутмын ажил

Эзэн Хааны өдөр тутмын ажил нь төрийн хэрэг, албан ажил, ёслол, соёлын үйл ажиллагаа зэргээс бүрддэг. Үүнд:

Ёслол:

  • Төрийн ёслол (Үндсэн хуульд заасан албан ёсны үүрэгт ажил)
  • Албан тушаалтан томилох ёслол (Сайд нар, шүүгч гэх мэт)
  • Гадаадын улс орнуудын Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах ёслол
  • Одон медаль гардуулах ёслол
  • Ёслолын бусад арга хэмжээ

Албан ажил, уулзалт:

  • Яам, агентлаг болон холбогдох байгууллагуудаас тайлан сонсох
  • Баримт бичигт гарын үсэг зурж, батлах
  • Зочид хүлээн авах (төрийн болон салбарын төлөөлөл)
  • Дотоод, гадаадын зочидтой уулзах (айлчлалын дэгийн дагуу)
  • Баяр, ёслол үйл ажиллагаанд оролцох
  • Эрдэм шинжилгээний болон соёлын үйл ажиллагаанд оролцох (лекц, музей үзэсгэлэн)

Цаг үеийн чанартай ажил:

  • Парламентын нээлтийн ёслолд оролцох
  • Шинэ жилээр ард түмэндээ хандан үг хэлэх
  • Эзэн Хааны цэцэрлэгийн хавар, намрын нээлттэй үдэшлэг
  • Орон нутгаар аялах
  • Гамшигт нэрвэгдсэн бүсэд очиж, ард иргэдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх
  • Соёл, спортын үйл ажиллагаанд оролцох

Эзэн Хааны гадаад айлчлалын зорилго, үүрэг  

Эзэн Хааны гадаад харилцааны гол үүрэг нь Япон Улсын бэлгэдлийн хувиар гадаад улс орнуудтай найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх юм. Эзэн Хааны айлчлалыг “бэлгэдлийн дипломат харилцаа” хэмээдэг бөгөөд айлчлалын үеэр хөтөлбөрт дараах арга хэмжээ багтдаг.

Үүнд:

  • Тухайн орны төрийн тэргүүн нартай (Хаан, Ерөнхийлөгч гэх мэт) уулзах;
  • Албан ёсны ёслол, хүлээн авалтад оролцох;
  • Зочилж буй улсынхаа түүх, соёлтой танилцах;
  • Японы соёлыг сурталчлан таниулах, түүгээр дамжуулан хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх;
  • Японы соёл, уламжлалтай холбоотой арга хэмжээнд оролцох;
  • Тухайн улсад суугаа Япон Улсын иргэдтэй уулзах;
  • Япон Улсын түүх, байгаль орчны асуудлаар лекц унших;
  • Олон улсын хурал, эрдэм шинжилгээний симпозиумд оролцох зэрэг болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.