Сэтгэлзүйч Б.Үүрцайх: Солонгос дахь монгол оюутнуудын дунд жирэмслэлт, бэлгийн замын өвчлөл, амиа хорлолт маш их

Сэтгэлзүйч Б.Үүрцайх: Солонгос дахь монгол оюутнуудын дунд жирэмслэлт, бэлгийн замын өвчлөл, амиа хорлолт маш их

БНСУ-д сэтгэл судлалын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалан, өдгөө тэнд амьдарч буй монголчууд руу чиглэсэн БНСУ дахь НАМҮ хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийг ажиллуулж буй сэтгэлзүйч Б.Үүрцайхтай бид ярилцлаа. 

Сэтгэлзүйч Б.Үүрцайх:

-БНСУ-д албан ёсоор 38 мянга орчим, бичиг баримтгүй 17,3 мянган монгол иргэн амьдарч байна. Сүүлийн жилүүдэд солонгос улс гадаад иргэд рүү чиглэсэн, бичиг баримтжуулах хөдөлгөөн өрнүүлж байгаа учраас хууль бусаар амьдарч байгаа иргэдийг БНСУ-аас гаргах ажил их хийгдэж байна.

[su_quote]Өнгөрсөн жил 18 мянга орчим монгол иргэн бичиг баримтгүй байсан бол 2025 онд 17 орчим болсон байна. Хэдхэн сарын хугацаанд 1500 гаруй монгол иргэн гэртээ буцаж ирсэн тоон мэдээ байна. [/su_quote]

Тиймээс солонгосыг зорих гэж байгаа гэр бүл, хувь хүн, оюутан залуус маш сайн судалж, олон эрсдэлийн үнэлгээ хийж байж солонгосыг зориорой гэж хэлэх байна. Гэтэл нэгнээсээ ам дамжин сонсоод явах хандлага манай иргэдийн дунд их байдаг.

Солонгос улсад дүрвэгчдийг аль болох хүлээж авах сонирхолгүй. Гэтэл манай монголчууд хүүхдүүдээ дагуулж ирээд маш олноороо дүрвэгчийн визээр амьдрах хүсэлтэй байдаг. Гэвч энэ дүрвэгчийн виз нь дараа дараагийн монголчуудад халгаатай.

Энэ нь дандаа эцэг эхчүүдийн шийдвэр байдаг. Зарим гэр бүлүүд болж байсан амьдралаараа дэнчин тавиад солонгост хүрээд ирдэг. Тэгээд очсон хойно соёлд нь дасан зохицох, хүнд хүчир ажил хийх гээд асуудал үүсдэг. Хүүхдүүдэд ирэх дарамт их болно. Бид "ингэж их юмаа дэнчин тавиад ирсэн. чи сайн сур, чи хичээлээ хий" гэх мэтээр. Гэтэл цаана нь хүүхдүүд маш их стресст ордог. Нийгмийн статусын хувьд асуудал үүсдэг.

Зөвлөгөө өгдөг газрууд аль болох дүрвэгчийн визийг битгий аваач гэж зөвлөдөг. Учир нь хүүхэд нэг л дүрвэгчийн визтэй болчихвол өөр газарт очиж, ажиллаж амьдрах бүх боломж нь хаагддаг. Цааш цаашдын амжилтанд нь саад болж байдаг.

Улс орны хууль журам яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Нэг л өдөр визийг чинь сунгахгүй гэвэл тэгээд гарахаас өөр аргагүй. Тиймээс маш сайн судалж байж, алба ёсны визтэйгээр орж ирэх л чухал.

Тэнд амьдарч байгаа монголчуудад яг л хүний амьдралд тохиолддог бүх л асуудал гарч байна. Ялангуяа маш их сэтгэл эмзэглүүлж байгаа асуудал бол оюутнууд.

[su_quote]10 мянган монгол оюутан солонгост байна. Өөрсдөө нас биед хүрч амжилгүй, амьдралын зорилго, сурахын ач холбогдол, бие дааж амьдрахыг ч бүрэн дүүрэн ойлгохгүйгээр тэнд очдог. Гэтэл сурлагын ачаалал маш их гарч ирнэ. Түүнээс болоод маш их буруу хооллоно, маш их худалдан авдаг, стрессээ дарах гэж буруу хүмүүстэй нийлэх, зугаатай амьдралын зам руу орчих гээд байдаг.[/su_quote]

Бүх эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ төлдбөрийг даадаггүй. Машин тэрэг, гэр орноо барьцаанд тавиад явуулдаг. Харин хүүхдээ очсоны дараа хүүхдээ дарамталж эхэлдэг. Зээл төлөх боллоо, чи ажил хийнэ гэсэн гэх мэтээр. Тиймээс хүүхдүүд өөрийн эрхгүй ажил хийж эхэлдэг. Ажил хийхээр сурлагын амжилт буурна, улмаар тэтгэлэг цуцлагадана. Ингээд яваандаа ажлын амтанд ороод сурахгүйгээр ажиллаж болдог юм байна гэж ойлгоод ажиллаад эхэлдэг.

[su_quote]Эхний нэг хоёр жилдээ ажиллаж байгаад яваандаа ядарна, ганцаардана, сэтгэлээр унана, хямарна, стресстэх гээд олон асуудлууд үүсдэг. Энэ бүхнийг даван туулахын тулд эмэгтэй оюутнууд ялангуяа хамтран амьдрагчтай болж эхэлдэг. Гэтэл дараа дараагийн хүнд асуудлууд үүснэ. Эцэг эхээсээ нууна, жирэмсэлнэ, бэлгийн замын халдварт өвчин тусна. Солонгосчууд нарийн тоо л гаргаж хэлэхгүй байгаа болохоос биш солонгос дахь монгол оюутнуудын жирэмслэлт маш өндөр байдаг. Манай иргэдийг хариуцсан төрийн байгууллага л энэ тоон мэдээллийг гаргах ёстой. [/su_quote]

180 мянгуулаа солонгост амьдарч байгаа вьетнам иргэдтэй харьцуулахад л бэлгийн замын халдварт өвчин, төрөлт, сэтгэл гутрал, амиа хорлолтын тоогоор монголчуудын хамаагүй их байдаг. Энэ бол бодит байдал.

[su_quote]Солонгос улсад тэмбүүгийн эм, бэлгийн замын зарим эмнүүд жагсаалтаас гарчихсан байсан. Гэвч монгол залуусын замбараагүй дотно харилцаанаас үүдэлтэйгээр тэмбүүгийн эмийг эргээд зарж эхэлсэн. [/su_quote]

Үнэхээр хүүхдүүд чинь гадаадад сурна л гэж байгаа бол гэртээ байхад нь хэлийг нь сургаад, бусадтай харилцах ур чадварыг нь сайжруулах нь чухал. Оюутнуудын хамгийн их тулгамддаг бас нэг асуудал нь нийгмийн харилцаа. Нэг хүнийг найзаа гээд бодож явтал тэр хүндээ хулхидуулах, эсвэл санаандгүй хэн нэгэнд үг дамжуулсны төлөө хов зөөсөн гэж ялгаварлуулах гэх мэт нийгмийн харилцааны олон асуудал үүсдэг.

Солонгост гарч байгаа дийлэнх хэргүүд, өвчлөл, хууль бус асуудлууд, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд дандаа монголчуудтай холбоотой байна.

Солонгост ажиллаж амьдарч байгаа нийт монголчуудын тулгамдсан асуудал нь архаг ядаргаа. Үүнийгээ ажил, архидалт гэсэн хоёрхон сонголттой.

Урлаг спортын гэх мэт өөр аргаар дарах боломж хомс. Зарим нь хол, зарим нь бичиг баримтгүй, цаг зав нь таарахгүй. Гэвч энэ бүх нийгмийн үйл ажиллагаанд оролцохгүйгээсээ болоод зожгирчихсон хүмүүс ч их бий.

Тиймээс хүүхдүүдээ бага залуу насанд нь ачаалал үүрүүлж битгий явуулаарай. Эх орондоо, ээж аавынхаа дэргэд хэл, соёлыг нь сайн сурсны дараа ядаж явуулах хэрэгтэй. Би л гэхэд солонгос улсад докторын зэргээ хамгаалахын тулд 7 жилийн турш өдөр шөнөгүй бие, эрүүл мэндээрээ хохирсон учраас бусдад зөвлөмөөр байдаг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.