Монголын эдийн засгийг хүнд байдалд оруулсан Б.Дэлгэрсайхан дахин сайд болохоор улайрч байгаа гэв үү?
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдын томилгоог өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэнэ. Ерөнхий сайдын томилгоотой зэрэгцээд шинэ засгийн газарт сайд болох гэсэн гишүүд унтах завгүй гүйлдэж байгаагийн нэг нь ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан.
Өөрийнхөө хамгийн их ашиг сонирхолтой салбарын сайдаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажилласан тэр Г.Занданшатарыг мөн шалж, сайдын суудлаа үргэлжлүүлэхээр улайрч байгаа аж.
Гэвч түүний эрх ашиг, шунал зам тээврийн салбар битгийхэл Монголын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд хүндрэл авчирч болзошгүй байгаа аж. Учир нь ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-д төвтэй олон улсын санхүүгийн хөрөнгө оруулалтын HOPU компаниас 1,5 тэрбум доллар буюу 5,2 их наяд орчим төгрөгийн зээл аваад өнөөг хүртэл эргэн төлөөгүй гэх мэдээллийг бидэнд эх сурвалж ирүүллээ.
Монгол Улсын сайд нь гадны хөрөнгө оруулалтын компаниас ийм их хэмжээний мөнгө аваад, нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй энэ асуудлаас үүдэн улс хоорондын асуудал дэгдэж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ныхан оролцсон протоколтой уулзалтыг Монгол Улсын Гадаад Харилцааны Яаманд хүртэл зохион байгуулсан байна.
[su_quote]Өөрөөр хэлбэл, ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайханы энэхүү өр зээл нь Монгол Улсын цаашдын эдийн засагт сөрөг нөлөө авчрах бөгөөд БНХАУ-ын алив банк, санхүүгийн байгууллагаас дахиж зээл хүсэх боломжийг ч хааж болзошгүй нөхцөлд хүргэсэн талаар эх сурвалж хэлж байгаа юм. Бүр цаашлаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн гэгддэг мега төслүүд зогсох, урд хөрштэй эдийн засгийн томоохон маргаанд ч хүрч болзошгүй нөхцөл үүсээд байна. [/su_quote]
Монгол Улс 2011 онд БНХАУ-ын Ардын банктай 5 тэрбум юань буюу нэг их наяд төгрөгийн своп хэлэлцээ хийж байсан түүхтэй. Энэ мөнгөө төлж чадалгүй явсаар өнөөдөр 15 тэрбум юань буюу 3 их наядын өртэй болсон. Энэ өрийг ирэх жилд барагдуулах ёстой.
Гэвч үүнээс ч их хэмжээний буюу 5,2 их наядын зээлийг ЗТХ-ийн сайд нь авчихаад төлөхгүй байгаа нь Монголын эдийн засгийг улам хүнд байдалд оруулах нөхцөл болох юм. Уг асуудлаар бид БНХАУ-ын ЭСЯ-аас тодруулах албан бичиг илгээсэн бөгөөд Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болзошгүй уг асуудалд Үндэсний аюулгүй байдал, тагнуул, цагдаагийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байгааг мэдээллийнхээ төгсгөлд онцолъё!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.