СГЗ шог зураач С.Цогтбаяр: Болж өгвөл л аз жаргалтайгаар хохирцгоо

СГЗ шог зураач С.Цогтбаяр: Болж өгвөл л аз жаргалтайгаар хохирцгоо

[su_quote]СГЗ шог зураач С.Цогтбаяр өөрийн цахим хуудаснаа шударга, үнэний талаар ийн бичжээ. [/su_quote]

Зарим хүмүүс хэлдэг л юм.
-Зөв шударга байх гэж өчнөөн л чармайж хичээлээ. Ашиг нь юу юм. Эсрэгээрээ харин буруу мууг үйлдэж байгаанууд нь өнгөтэй мөнгөтэй явах юм. Хэдий болтол ингэж явах юм. Шударга үнэн цаг ямагт ялна дийлнэ гэдэг нь үнэн юм уу даа гэж.

Зөвийн талд байхыг хичээн чармайх нь өөрөө ямар нэг ашиг орлого олох болоод үнэлүүлэх хүндлүүлэхийн тулд биш юм аа. Магадгүй та тийм ашгийг энэ насандаа ч үзэхгүй байж мэднэ. Хичнээн их үнэнч шударга тэмцэгчид тийм зүйлийг үзэлгүй өнгөрснийг угаасаа түүх гэрчилнэ. Тэглээ гээд хүмүүс болиогүй.

Магадгүй та цөөнх байж, хараалгаж муучлуулж, хашигдаж хоригдож магадгүй байгаа бүхнээрээ ч хохирч мэднэ. Өнөөдрийн ардчилсан нийгмийн сайн сайхан өнгөтэй өөдтэйг яг тэмцэж авчралцсан тэр хүмүүсээс нь цөөхөн нь эдэлсэн. Ихэнхи нь хяхагдаж хавчигдаж, ажилгүй амьдралгүй болж санаа сэтгэлээр унаж зарим нь цаг бусаар ч одож байлаа. Тэглээ гээд ихэнхи нь өөрийн үзэл бодол үнэт зүйлээсээ ухарч няцаагүй л юм. Харин үр шим ашиг орлого бялууных нь өрөм өнгөтэй өөдтэй бүхэнд нь зальтай сүйхээтэй нь зарим нь эзэн сууж, олж олзолж сүүлдээ ханаж цадахаа больж одоо бүр ардчиллыг нь дарангуйлал болгохоор улайрч буйг хэн хүнгүй харж жигшиж сууна.

Хэрвээ зөв байх нь ашиггүй байна гэж та өөрөө үзвэл арилжаа наймаанаас өгсүүлээд ашиг олох мянга түмэн өөр арга замууд зах зээлийн ертөнцөд бий. Зөв байх, өөрийн итгэл үнэмшил үнэт зүйлд үнэнч байх нь материаллаг ашиг сонирхлоос тэс өмнөө өөр зүйл юм. Ихэмсэг бардам байж ичиж айхгүй, дарамт шахалт болоод гэмшил гутралаас ангид их өндөр түвшний тансаглал учраас мөнгөөр илэрхийлэх аргагүй өөр хэмжээс.

Магадгүй та түүнээс материаллаг ашиг хүртэхгүй ч байж мэднэ. Тэр хамаагүй ээ. Харин хамаагүй илүү өөр дээд таашаал болох эрх чөлөөг мэдрэнэ. Тийм болохоор зөвийн талд байхыг аль болохоор чадах чинээгээрээ хичээж чармайгаарай. Болж өгвөл л аз жаргалтайгаар хохирцгоо...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.