Хүн үхэх цагт л ой санамж устдаг, бид амьд!
Сэтгүүлч Р.Эмүжин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар ийн бичжээ.
1. Ерөнхий сайдын хүүгийн тансаглал монголчуудыг шоконд оруулав.
2. Орлогоо нотол, чадахгүй бол огцрох амархан гэсэн үндэслэлээр залуус жагсав.
3. Жагсаалыг дэмжин АН-ын нэр бүхий гишүүд очиж гарын үсэг зурав.
4. Жагсаал долоо хоног үргэлжилж, Ерөнхий сайдыг огцруулах цахим санал асуулгад 50 мянган хүн нэгдэв.
5. Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын тэргүүнд ёс зүйн хариуцлагаа хүлээхийг сануулав.
6. Хамтарсан Засгийн газар ажиллахгүй гэвэл би огцоръё гэж Ерөнхий сайд ёс зүйн хариуцлагаа АН-д наав. /Уг нь мөнөөх хүү, бэрийн тансаглалд АН буруугүй/
7. МАН-ын бага хурал хуралдан, АН гэрээгээ зөрчсөн тул цаашид хамтрахгүй гэсэн шийдвэр гаргав. /Брэндийн цүнх, нисдэг тэрэг яван явсаар ийм шийдвэр болж хувирав/
8. Орлогоо нотлоод болох байтал пропаганда нь шал өөрөөр үргэлжилж, ганц хүн дээр л Монголын төр тогтоод байгаа мэтээр бүх аргаар ухуулав. Ганцхан хүн төр болох цагт дарангуйлагч аль эрт бий болчихсон байдаг! Хүн ам цөөн байх тусмаа хүчтэй дарангуйлалд цөмүүлж дуусдаг!
9. Бага хурлын өдөр байдал ширүүсч, талбай дээр сөрөг жагсаал гарав, иргэдийн мөргөлдөөн өндрөө авч болзошгүй нөхцөл байдал үүсэв. Энэ өдөр нөгөө 50 мянга дээр гацсан цахим санал хүраалт 60 мянга руу дөхөв.
10. Хамтарсан Засгийн газар оршин тогтнохгүй нь тодорхой болсон гэдэг шалтгаанаар Ерөнхий сайд огцрохоос өөр гарцгүй болов. /Тансаглалаа тайлбарлаж чадаагүй Ерөнхий сайд огцрох болов/
За ер нь бол товчхондоо хоолны хордлого хөлөндөө орж, брэндийн хордлого тархиндаа орж, сурталчилгааны хордлого сэнтийгээ доргиов. Ерөнхий сайдын хүүгийн тансаглалд АН ямар ч буруугүй байсан гэдгийг хэзээ ч бүү март! Хүн үхэх цагт л ой санамж устаж, дурсамж үлддэг, бид амьд! Редакц сайт, телевизүүд мэдээгээ ой санамжаа сэргээн гарчиглаасай гэж хүсч байна.
Бүхэл бүтэн намын бага хурлыг хуралдуулж байгаад ард түмний ой санамжийг арчих гэж оролдож чаддаг л юм байна. Төв талбайн хойморт түмнийхээ цусыг үзэх шахав, мангасын зулзага бяртай байлаа, манай залуус илүү шөрмөстэй, илүү нээлттэй байлаа. Үзэл санаагаа тэвэрч үлдэж чадсан хүн бүрт мэхийж буйг минь хүлээн авна ууу. Эцэст нь #орлогоонотол!
Сэтгүүлч Р.Эмүжин
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.