Сэтгүүлч В.Сарантуяа: Миний үеийнхээн одоо хэдүүлээ больё оо. Залуусаа зөнгөөр нь орхи л доо!
[su_quote]Япон Улсын Осака хотод оршин суудаг сэтгүүлч В.Сарантуяа #Огцрохамархан жагсаалтай холбоотойгоор гадаад дахь монголчуудын талаар нийтлэл бичжээ.[/su_quote]
ЗҮРХ СЭТГЭЛД НЬ МОНГОЛ НЬ ОРШДОГ ЮМ...
Гадаадад амьдарч байгаа Монголчуудаа гадуурхах, тэднийгээ эх орноосоо урвасан мэт хардаг цөөнгүй хүмүүс байдаг. Тэгвэл тэд үргэлж зүрх сэтгэлдээ Монголоо хайрлаж омогшиж явдаг билээ. Хүний газарт ямар ч хүн зорилгогүй, зориггүйгээр амьдрах боломжгүй. Аль ч улс оронд очсон энэ бичигдээгүй дүрэм. Цаг наргүй хөдөлмөрлөх, өөрийгөө голох мэдрэмж авах, байх байхгүйн зовлонг бие сэтгэлээрээ мэдэрдэг. Гэсэн ч тэд хайртай бүхнийхээ төлөө халуун чулуу долоож хаттай амьдардаг юм.
Хоёр жилийн өмнө Японд ажилладаг хэдэн залуустай танилцаж нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн. Бүтэн өдөржин л Монголынхоо тухай ярьцгааж билээ.
Нэг хүүгийн яриа одоо ч сэтгэлд тод үлдэж. Залуу хүү японы нэг барилгын компанид ажилладаг байж. Тэгсэн нэг өдөр ажлаа хийж явсан чинь аргалын утаа үнэртэж. Бүүр гайхаад ойр тойрноо харсан чинь нүдэнд харагдах зүйл байсангүй гэнэ. Тэгээд нөгөө утааныхаа үнэрийг дагаад яваад байж. Тэгсэн нэг ухсан нүхэнд барилгын нэг жижигхэн материалыг шатаагаад орхиж. Ойртоод үнэртэхээр яг аргалын утаа шиг санагдаж нутгаа хачин ихээр санаад тэр газартаа жаал уйлж суусан гэж билээ.
[su_quote]Бас нэг залуугийн яриа. Газар хөдлөөд ажил олгогч нь утасдаад хаашаа ч хамаагүй гараад гүй гэж. Мань эр ч гэрээсээ гараад харсан зүг рүүгээ гүйж явахдаа гэнэт л нүдэнд нь нулимс бүрхэж Монголдоо байсан бол тал дээгүүрээ гүйх байсан байх даа гэж бодсон гэдэг.[/su_quote]
Олон гунигтай түүх сонсч л яваа. Тэр дундаас цэл залуухан охид хөвгүүдээ хүний газарт харц доогуур, нуруу бөгтийж байгааг харахад хэцүү л санагддаг юм. Цагийн ажил хүнд, цалин бага ч тэдэнд хэлэх эрх байхгүй, хийх үүрэг л бий.
Өнөөдрийн жагсаалд олон залуус иржээ. Бахархаж байна та нараараа. Миний хүүхэд шиг бүлтийгээд энэ Засгийн газрын муу муухайтай тэмцэж байгаа зоригийг чинь үнэлж байна. Харин жагсаалыг саармагжуулах зорилготой хүмүүс зориуд орсон нь харагдаж байна шүү.
Миний үеийнхээн одоо хэдүүлээ больё оо. Залуусаа зөнгөөр нь орхи л доо. Тэд үнэхээр амьдарч чадаж байгаа бол ингэж жагсахгүй. Бүх боломжийг нь хулгайчихсан. Тэдэнд өнөөдөр тайван амьдрах ямар ч боломжийг бид олгоогүй. Хэрвээ олгосон бол бид тэднийг загнах эрхтэй. Одоо бүр залуусаа загнах нь битгий хэл тэдний өөдөөс эгц харахад нүүр халуу оргиж байна шүү.
Татвар нэрээр төрийн дээрэм хийсэн бодит кэйстэй тэмцэж байна. Юун захиалга яриад унав аа! Үнэхээр захиалга гэж үзэж байгаа юм бол Монголд бүтэж байгаа юм байгаа юм уу. Юмны үнэ нь японтой адилхан, цалин бага, иргэд нь бүх апп ын зээлтэй, ипотекийн зээлтэй, энэ бүхнийгээ хэлэх гэхээр Хэвлэлийн эрх чөлөөгүй, хэдэн улстөрчид нь хүссэн хараалаа иргэд рүүгээ хэлдэг, хүний эрх, эрх чөлөө хязгаарлагдмал айдастай, нэг хүний дарангуйлал тогтсон, татвар нь хэрээс хэтэрсэн, ажил хийгээд ч хаанаа ч хүрэхгүй. Уруу доройгийн сонгодог жишээ болсон энэ үед залуус гарч ирээд тэмцэж байгаа нь цагаа олсон тэмцэл биш юм уу.
Тэд амьдрах орчин, эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Та нарыгаа үргэлж дэмжинэ. Харин гадаадад байгаа Монголчууд цаг зав хомс бол ядаж юмыг нь шэйрлээд өгч тус болоорой.
Япон улс.
Осака хот.
Сэтгүүлч В. Сарантуяа
2025. 05. 14
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.