Вазза: Монголд бидний адил олон мянган хүүхдийн хөлбөмбөгийн #мөрөөдөл_сүйрч байна!
Улаанбаатараас Лондон хүртэл дугуйгээр явж өөрийн мөрөөдлийн багтай уулзаж, дэлхий нийтийг шуугиулж байсан хөлбөмбөгчин Вазза буюу Б.Очирваань Монголын хөлбөмбөг сүйрч байгааг онцлоод, хөлбөмбөгийг аврахад хүн болгон оролцохыг уриалжээ.
Тэрээр,
-Би Улаанбаатараас Манчестер хүртэл 14,000 км замыг унадаг дугуйгаар туулсан. Энэ бол зөвхөн миний мөрөөдөл биш, харин Монголын хөлбөмбөгт амьдралаа зориулсан олон зуун авьяастанууд, зүтгэлтнүүдийн буюу хөлбөмбөг ирээдүйг нь өөрчилнө гэж итгэж байсан хүн бүрийн мөрөөдөл байсан. Хил дамнан дугуйгаа жийж, олон саад бэрхшээлтэй тулгарч байсан ч итгэл үнэмшил, мөрөөдлөөрөө жигүүрлэн Олд Траффордод хүрсэн. Би мөрөөдлөө мэдэрч чадсан.
Харин Монголд, бидний адил олон мянган хүүхдийн хөлбөмбөгийн #мөрөөдөл_сүйрч байна.
[su_quote]Хөлбөмбөг минь хулгайлагдаж байна![/su_quote]
2024 оны 11-р сард Монголын хөлбөмбөгийн холбооны Техникийн хэлтсийн удирдлагууд болох Б.Гарьдмагнай, Э.Ганзориг, С.Эрдэнэбат, Д.Эрдэнэ-Очир, С.Ундрахбат нар асар их эрсдэл гарган шүгэл үлээсэн юм. Тэд холбооны дотоод дахь санхүүгийн хулгай илрэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм.
МХБХ-ны Зөвлөл тэдний эсрэг байсан хэдий ч хөлбөмбөг сонирхогч олон нийтийн дэмжлэгээр “Санхүүгийн зөрчлийг илрүүлэх” Түр хороог байгуулж чадсан юм. Тэдний ил болгосон зүйл бол зүгээр нэг санхүүгийн зөрчил биш — #энэ_бол_хулгай_байсан.
Хүүхдийн академи, эмэгтэйчүүдийн лиг, дасгалжуулагчдын сургалт, хөдөө орон нутгийн талбайн санхүүжилт, … — байхгүй болсон. Монголын хөлбөмбөгийн нэрээр цугласан мөнгийг цөөн хэдэн “удирдлага” хувьдаа завшсан.
Тэгээд одоо энэ бүгдийг хийсэн хүмүүс Анандабазар гэдэг хүнийг холбооны ерөнхийлөгч болголоо. Эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг, авлига, албан тушаалын наймааны олон #ноцтой_хэрэгт нэр холбогдож байсан.
Сонгуулийн хорооны гишүүд нь хоорондоо гэр бүлийн харилцаатай, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын хамаарал бүхий этгээдүүд шийдвэр гаргаад явж байгаа нь наад захын ёс зүйн шаардлагыг хангахгүй байгаа юм. Хөлбөмбөгөөс хулгайлан амьдрагсадын бүлэглэл Сонгуулийн дүрмийг зөрчиж, гол өрсөлдөгчөө сонгуулийн сурталчилгаа эхлээ ч үгүй байхад сонгуулийн сурталчилгаа хийсэн хэмээн хасч, Ц.Анандбазар гэх хөлбөмбөгт ямар ч харилцаа хамааралгүй хүнд нэр дэвших эрх олгож, Улсын бүртгэлээс хасагдсан, ирцэд бүртгүүлээгүй байгууллагуудаар санал өгүүлж, Гишүүн байгууллагуудыг авлигадах гэсэн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жаргалсайханы аудио бичлэг задарсан ч өнөөдрийг хүртэл FIFA болон AFC хурлын хүлээн зөвшөөрсөн мэт мэдэгдэл хийж Монголын мянга мянган хөлбөмбөгчдийг үл ойшоосоор байна.
Сонгуулийн журам зөрчигдөж, өрсөлдөгч нь учир битүүлэг хасагдаж, бүртгэлгүй багууд санал өгч, аудио бичлэгээр санал худалдаж авч буй нь нотлогдсон ч биднээс дуугүй байхыг шаардсан.
[su_quote]Монголын хөлбөмбөг гэдэг бол зөвхөн эрх мэдлийг хуйвалдааны, авилгалын аргаар атгаж байгаа Зөвлөлийн гишүүд болон Ерөнхийлөгчид биш юм.[/su_quote]
Монголын хөлбөмбөг гэдэг энхэл донхол гудманд бөмбөгд өшиглөн гүйх бяцхан багачуудаас эхлэн өвлийн хүйтэнд ч хүүхдүүдээ бэлтгэл хийлгэж буй дасгалжуулагчид, клубүүд, мянга мянган тамирчид, тэдний ар гэр, ямар ч үед шигшээ багаа дэмжин уухайлах фэнүүдээс бүрдэнэ. Харин миний хувьд хөлбөмбөг бол — хамгийн хүнд хэцүү үеүдэд ч итгэл найдвараа алдахгүй байх үнэт зүйл минь юм.
Харин холбооны удирдлагууд энэ бүхнийг #мөнгө, #эрх_мэдэл гэж харж байна.
Хөлбөмбөг бол нийт хөлбөмбөгийн бүх оролцогч талуудын өмч.
Монголд хөлбөмбөгийг бөхөөхгүй байхад минь надад туслаач гэж би та нараас гуйж байна.
Өнөөдөр тоглогчид талбайгаа орхиж байна. Клубууд тоглохгүй гэдгээ мэдэгдэж байна. Фэнүүд эсэргүүцэж байна. Ивээн тэтгэгчид мөнгөө татаж байна. Хүчин төгөлдөр бус Сонгуулийг дуу нэгтэйгээр эсэргүүцэж байна. Хулгайч бүлэглэлээс салахын тулд дуу хоолойгоо нэгтгэж байна.
2025/04/28-нд болсон хүчин төгөлдөр бус сонгуулийн үр дүнгээр Ерөнхийлөгчийн нэр зүүсэн хүмүүс Перу улсад зохион байгуулагдаж байгаа олон улсын чуулга уулзалтанд оролцохоор өнөөдөр нисэж байгаа бол тэр өдрөөс хойш хүчин төгөлдөр бус сонгуулийг эсэргүүцэж талбайд гарахаас татгалзсан Монголын хөлбөмбөгийн гэр бүлийнхэн 14 хоногийн турш МХБХ-ны гадаа суулт хийж байна. Тэд бидний үл тоож байна. Тэд Хөлбөмбөгийн конгресст оролцох эрхгүй.
Олон улсын хөлбөмбөгийн нийгэмлэгт хандаж байна.
Хөлбөмбөгт хайртай дэлхийн өнцөг булан бүрт байгаа найзууддаа, хөлбөмбөг сонирхогчдод, шударга тоглолтыг дэмжигч хүн бүрд би хандаж байна:
Энэ бол зүгээр нэг дотоод хэрүүл, тэмцэл биш — энэ бол бидний итгэл, хүүхдүүдийн ирээдүй, спортын нэр хүндийг хамгаалах тэмцэл юм.
#Бид_хөлбөмбөгийн “жижиг” #орон_байж_магадгүй. Гэхдээ бидний #сэтгэл, #итгэл, #шударга_ёсны дуу хоолой хэзээ ч жижиг байгаагүй. Миний жижигхэн итгэл ямар том тэсрэлт болсныг би тодхон санаж байна. Тэгвэл Монголын хөлбөмбөгчдийн жижигхэн итгэлийг жинхэнэ бодит хөгжил болгоход таны дуу хоолой үнэтэй хувь нэмэр болно гэдэгт би итгэж байна.
[su_quote]Монголын хөлбөмбөгт таны тусламж, оролцоо хэрэгтэй байна.[/su_quote]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.