EyesCool: Тэнгэрт л найдахаас монголчууд аа, тэдэнд найдаж болохгүй шүү, молигодуулав аа!

EyesCool: Тэнгэрт л найдахаас монголчууд аа, тэдэнд найдаж болохгүй шүү, молигодуулав аа!

Монголын хип хопыг үүсгэн байгуулагчдын нэг  Icetop хамтлагийн ахлагч EyesCool буюу Б.Оргил-Эрдэнэ Малайз Улсад зуурдаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна.

Тэрээр улс төр, нийгмийн болохгүй бүтэхгүйг шүүмжлэгч, дуу хоолойгоо тасралтгүй хүргэдэг байсан бөгөөд түүнийгээ үргэлж уран бүтээлээрээ илэрхийлдэг нэгэн байв.

Тухайлбал, "Icetop" хамтлагийн "76" дууны хэсгээс...

...Зөөлөн суудлаасаа тэд бөгс өндийлгүй өдөржин хэлэлцэж

Зөв буруу хууль дүрэм, баахан юм баталцгааж

Цөөхөн хэд ард бидэндээ зурагтаар л бараагаа харуулж

Хийж бүтээх нь багадсан, хэлэх амлалт нь ихэдсэн 76-д зориуллаа... 

...Тэнгэрт л найдахаас монголчууд аа

Тэдэнд найдаж болохгүй шүү, молигодуулав аа!

...Ууж идэж, хахаж цацаж, бүгдийг авлаа, болоо биш үү

Улс орныхоо төлөө та нар, одоо хийхээр болсон юм биш үү

...Чааваас даа миний зовлонт халх ард аа

Хаанаас даа, ийм зүйл байж боломгүй юм даа...

“Ice top” хамтлаг 1996 онд анх 16 хүний бүрэлдэхүүнтэй рэп бүжгийн хамтлаг байсан бөгөөд хоёр жилийн дараа буюу 1998 оны аравдугаар сарын 13-нд найман гишүүнтэйгээр анхны хип хоп хамтлагуудын нэг болон байгуулагдаж байсан түүхтэй.

Тэд үзэл бодлоо бүжгээр бус хип хоп үг хэллэгээр, түүн дотроо “урлаг яруу найраг шударга үнэн үгийг хэлэх ёстой” гэж үзэн уран бүтээлээ туурвиж эхэлсэн байдаг.

ICETOP хамтлаг нь 1998-2011-он хүртэл 18 жилийн хугацаанд бие даасан 10 том тоглолтыг хийн үзэгч фенүүдийгээ байлдан дагуулсаар ирсэн юм.

Тэд хамгийн анх 10 хит дуунаас бүтсэн “Шүтээн минь” цомог гаргаж байсан бол хамгийн анхны тоглолтоо 2000 оны гуравдугаар сарын 18-нд “Санаа нэг” нэртэйгээр тоглож байжээ.

Анхандаа тэдний дууг FM радио, телевизүүдээр цацдаггүй байсан бөгөөд  тухайн үеийн хүмүүс хип хопыг ойлгодоггүй байсны дээр хэт задгай үг хэллэгтэй гэсэн шүүмжлэлд байнга өртдөг байв.

Тэд улс төр, нийгмийн байдлыг хурцаар шүүмжилсэн “Ам асууя”, “Үргээ”, “76”, “Pon Pon”, “Миний муу нийслэл”, “Хонхны дуу”, “Хөдөлмөр мандтугай” зэрэг олон дуугаараа залуусыг уриалж, үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг байхыг үлгэрлэдэг юм. Мэдээж энэ бүх уран бүтээлийг хамтлагийн ахлагч eyesCool уриалан, манлайлан гаргаж байсан нь гарцаагүй юм.

Ice Top - 76

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.