ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “333 НУУР” байгуулах санаачилгыг танилцууллаа
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн энэ сарын 03-ны өдөр Азийн хөгжлийн банк, ОПЕК-ийн Олон улсын хөгжлийн сантай хамтран зохион байгуулсан “Байгальд суурилсан хөрөнгө оруулалтын төлөө санхүүгийн боломжийг нээх, уур амьсгалын өөрчлөлт болон газрын доройтлын асуудлыг зохицуулах (Unlocking Finance for Nature-Positive Investments, Tackling Climate Change and Land Degradation)” сэдэвт арга хэмжээнд панелистаар оролцлоо. Энэ үеэрээ 12 дугаар сарын 03-ны өдөр болсон дээрх арга хэмжээний хүрээнд, байгальд суурилсан инновацлаг шийдлийг бий болгох ажлын хүрээнд дараах санаачлагыг танилцуулсан юм.
Тэрээр хагас хуурай уур амьсгалын бүсэд далайн түвшнээс 1500 м өндөрт орших Монгол Улс өнөөдөр шар шороон шуурга, газрын доройтол, цөлжилт зэрэг уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн нэрвэгдэж буй улсуудын нэг бөгөөд эдгээр сөрөг үр дагавартай үр дүнтэй тэмцэхийн тулд усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, усны нөөцийн хуримтлалыг улсын хэмжээнд бий болгохын ач холбогдлын талаар оролцогч талуудтай санал солилцлоо. Гадаргын ус ашиглалтыг нэмэгдүүлэх, ус урсцын тохиргоо хийж усан сангууд байгуулах “333 нуур” байгуулах санаачлагыг танилцуулж, мөнх цас, мөсөн гол, цэвдэг хайлж буй нь хөдөө аж ахуйн салбарт эргэлтийн шинжтэй сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй улс орнуудын хөгжил дэвшил, оршин тогтнох байдалд аюул занал учруулах эрсдэлтэй байгааг онцоллоо. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боломжит бүх газар усны нөөцийн хуримтлал бий болгох, хуримтлалын хүчээр уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг багасах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндэс суурийг хадгалах боломж, усны нөөцийн хуримтлалтыг бий болгосноор дэлхийд цорын ганц Монголын нүүдлийн мал аж ахуйг аварч үлдэх, техник технологийн хөгжилд суурилсан шинэ хөдөө аж ахуйн хөгжлийг шаардлагатай байгааг хэлсэн юм.Арга хэмжээний үеэр Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн БНТУ-ын Хүрээлэн буй орчин, хотжилт ба уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Фатма Варанк-тэй уулзлаа.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.