Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Цог Жавхлант Хаан Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн албаны хүмүүс болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис Хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцааг өргөжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Цог Жавхлант Хаан гэр бүлийн хамт Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолд хүндэт зочноор оролцож, “Чингис хаан” үндэсний музей, Богд хааны ордон музейд  зочлон, манай орны түүх, соёл, зан заншилтай танилцана.

Мөн Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн гишүүн орны хувиар тус олон улсын байгууллагад  зочлохоор төлөвлөж байна.

Монгол Улс, Бутаны Хаант Улс нь 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

449091610 1111582099942456 5808325844139704980 n
449406124 995503032223992 3082029885232908414 n
449986614 868273615334800 8775212352803692464 n
450301176 996147105092991 7646869534287711173 n
449444002 450773094409744 3944743521560720300 n
449445608 1887299468361942 6879593850088591296 n
450301176 493865599797225 7699782574133709614 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.