Ерөнхий сайд Сөүл дэх Монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ. Айчлалын эхний өдөр Ерөнхий сайд Сөүл хот дахь Монгол сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Сөүл дэх Монгол сургууль нь 1999 онд байгуулагдсан бөгөөд 24 багш, 342 сурагчтай. Тус улсад амьдарч буй монгол хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах зорилгоор тус сургуулийг БНСУ-ын иргэн Юү Хэ Гын үүсгэн байгуулж байжээ.


Монгол сургуулийн багш, ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэлийг Монголд тооцуулах, сурагчдад хувьсах зардал олгож өгөхийг Ерөнхий сайдаас хүсэв. Ерөнхий сайд эдгээр асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сөүл дэх Монгол сургуулийн захирал Юү Хэ Гынд батламж, сурах бичгүүдийн хамт гардуулав.


Монгол Улсын Засгийн газар хилийн чанад дахь монгол сургууль, хэл соёлын төвүүдийн багшийн мэргэжил заах арга зүйг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд Гадаад харилцааны яам Монгол Улсын Хэлний бодлогын Үндэсний зөвлөлтэй хамтран мэргэжлийн заах арга зүйн цуврал цахим сургалтыг нэг жил гаруйн хугацаанд тасралтгүй зохион байгуулж, 100 гаруй багшийг хамруулжээ. Түүнчлэн олон улсын хэмжээнд монгол хэл, бичиг үсгийн хэрэглээ судалгааг өргөжүүлэх зорилгоор 2022 оноос эхлэн Хэлний бодлогын зөвлөлийн Европ, Ази дахь салбар зөвлөлүүдийг байгуулан ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.