​​​​​​​"Эм зүйн салбарын хөгжил, чиг хандлага" сэдэвт Монголын эм зүйн ажилтны II их хурал болж байна

​​​​​​​"Эм зүйн салбарын хөгжил, чиг хандлага" сэдэвт Монголын эм зүйн ажилтны II их хурал болж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын ивээл дор зохион байгуулагдаж буй "Эм зүйн салбарын хөгжил, чиг хандлага" сэдэвт Монголын эм зүйн ажилтны II их хурал Төрийн ордонд болж байна.  

Тус хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн НББХ-ны дарга П.Анужин, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа болон Эм Зүйн салбарын ахмадууд, тус салбарт ажиллаж буй 800 орчим эмийн мэргэжилтэн  оролцож байна. 

316553057 914870789521374 3634180014281459448 n 1024x683
Эрүүл мэндийн сайд С.Энхболд  энэ үеэр “Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг иргэдэд хүргэх, Олон улсын Эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP шаардлага хангасан эмийн үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлэх, эм экспортлох тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Өнөөдөр гурван эмийн үйлдвэр энэ батламжийг авлаа. Эм нь үйлдвэрээс гарч, долоон үе шатыг дамжиж байж хэрэглэгчдэд хүрдэг. Манай улсын хувьд эмийн хэрэглээг 100 хувь хувийн хэвшлийн байгууллагууд хариуцаж хийдэг бөгөөд 80 орчим хувийг гадны орнуудаас импортолдог бол 20 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. 2021 оноос эхлэн Эм эмнэлгийн хэрэгсэл, хяналт зохицуулалтын газар байгуулагдаж, эмийн чанар, хяналт, зохицуулалтан дээр илүү анхаарал хандуулан ажиллаж байна. Үүнээс гадна энэ жил эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг өргөн барихаар болж, бэлэн болсон. Эрүүл мэндийн даатгалын санд ирэх оны төсөвт хөнгөлөлттэй эмэнд зориулан 90 тэрбум төгрөгийг тусгасан бөгөөд ЭМД-аас 30-100 хувь хөнгөлөлттэй олгодог 590 төрлийн эм байна. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас Швейцарын Засгийн газартай гэрээ байгуулж, эмийн хатуу зохицуулалттай орнуудаас хамгийн их хэрэглэгддэг 24 төрлийн эмийг нэг долларын үнээр иргэдэд хүргэх “Новартс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Цаашид эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна.” гэдгийг онцоллоо.  
316695961 1188935165038765 6223257047878020580 n 1024x683

Энэхүү их хурлаар салбарын тулгамдсан асуудлууд тэр дундаа үндэсний эмийн үйлдвэрийг бодитойгоор дэмжих, Эм зүйн салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, чанарын хяналт, сорилтын лабораторийн чадавхыг сайжруулах тал дээр төрөөс бодлогоор дэмжихийн зэрэгцээ төрийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдыг чадавхжуулан мэргэшсэн боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх хөшүүргийг бий болгох талаар санал оруулах юм.

Ташрамд дурдахад Монголын Эм Зүйн байгууллага сүүлийн жилд хөгжлийнхөө 100 жилийн түүхэнд урьд өмнө байгаагүй хөгжлийн түүхийг бүтээж байна. Үүний тод жишээ нь анх удаа үндэсний таван эмийн үйлдвэр болох Монос групп, Мөнхийн Тун ХХК, Эмийн үйлдвэр ХХК, Цомбо ХХК, Нахиа ХХК хамтран өөрсдийн хөрөнгө оруулалтаар байгуулсан ариун эмийн үйлдвэрлэлийн олон улсын жишигт хүрсэн барилга, тоног төхөөрөмж, технологи бүхий тарилгын шингэний үйлдвэр ашиглалтанд оруулж, дуслын шингэний  үйлдвэрлэл хоёр дахин нэмэгджээ. Түүгээр ч зогсохгүй нэг удаагийн тариур болон дуслын системийн үйлдвэрийг хамтран ашиглалтанд оруулж, бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэллээ. Мөн Олон улсын Эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP шаардлага хангасан 9 эмийн үйлдвэртэй болсон байна.

316726645 852699509483917 5991450802740942689 n 1024x683
316652439 824495551936187 8800685046262712021 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.