Эгийн голын УЦС гацаанаас гарч, шатахууныг урт хугацаанд тогтвортой үнээр авахаар боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд /2022.09.07/ бараалхлаа.
Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Дорнын эдийн засгийн VII чуулган”-ы урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийллээ. Оросын Холбооны Улс Монгол Улстай хамтран Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, цаашид ч том төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг Ерөнхийлөгч В.В.Путин онцолж, эрчим хүчний төслүүдэд ч хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Мөн хоёр улс нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрснийг уулзалтын үеэр цохон тэмдэглэлээ.

Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортолдог. Роснефть компанитай хэлэлцээ хийж 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болоод байсан. Тус чуулганы үеэр албаны хүмүүс дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирлоо.

Байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах төсөл тус бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтойд тооцогдож ирсэн. Талууд төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж 2029 онд ашиглалтанд оруулахаар ярилцлаа.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.