Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засгаас боломжтой бүх дэмжлэг, туслалцаа үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засгаас боломжтой бүх дэмжлэг, туслалцаа үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллан, төмс, хүнсний ногоо болон газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх үүднээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх санаачилга дэвшүүлсэн юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ хүрээнд мах, ногооны хөргүүртэй агуулах, хүлэмж, шувууны аж ахуй, төмс, хүнсний ногоо, газар тариалан, сүүний үхэр, ургамлын тос үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна.

“Монголиан грийн фармер” ХХК 2015 онд байгуулагдсан. Хөргүүртэй агуулахын хадгалалт, борлуулалт, түрээсийн үйлчилгээ, мах, махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Голландын бүрэн автомат технологи, тоног төхөөрөмж бүхий агуулах нь 1,500 тн мах, хөлдөөсөн хүнс, 1,500 тн жимс, хүнсний ногоо хадгалах хүчин чадалтай. Цаашид Улаанбаатар хотод 45 мянган тонны багтаамжтай агуулах барихаар төлөвлөсөн тухай компанийн гүйцэтгэх захирал Ш.Гүррагчаа танилцууллаа.
Хөргүүртэй агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд урт хугацаатай, бага хүүтэй зээл хамгийн их шаардлагатай байгааг Монголын агуулах худалдааны нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Эрдэнэсайхан энэ үеэр хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр “Зориулалтын хөргүүртэй агуулахгүй бол иргэдээ эрүүл хүнсээр хангах тухай ярих боломжгүй. Иймээс агуулахтай болгох талаар төр, засгийн зүгээс боломжит бүх хэлбэрээр дэмжинэ” гэдгийг хэллээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.